Тайлбар
10 настай найзууд болох Бен, Жеймс, Тим, Том нар ой модон дахь хамгийн том модыг олж тэрхүү модон дээрээ байшин барих төслөө эхлүүлэх үед Бенийн эгч Аманда хөвгүүдийн нууц байшингийн төслийн талаар аль хэдийн олж мэдсэн байв. Нэг л мэдэхэд охид өөрсдийн байшингаа хөвгүүдийн модны эсрэг талд барьж эхлүүлээд зогсохгүй, тэдний байшин хөвгүүдийнхээс хамаагүй гоё болж байлаа! Гэнэтийн осол болсон өдрөөс хойш бүх зүйлс өөрчлөгдөж хөвгүүд охидтой нэг баг болохоос өөр аргагүй болцгооно.
Охидын амжилтын нууц юунд байв? Тэдний нууц зэвсэг нь яг юу байсан бол?
Энэхүү ном нь сонирхолтой адал явдал болон нэгэн аав охиндоо хуваалцсан энгийн сургамж, жишээнүүдээр дамжуулан хүүхэд, залууст Төслийн Удирдлагын суурь мэдлэгийг олгох болно. Аав нь мэдээж Төслийн менежер бөгөөд охин сурсан зүйлсээ байшин барих төсөл дээрээ хэрэглэснээр охидын баг ямар ч төлөвлөгөөгүй эхэлсэн хөвгүүдийг тэргүүлэх болов.
Санаанд оромгүй бяцхан барилгачид болох дөрвөн хүү, дөрвөн охин хэрхэн хамтарч Гайхамшигт Модон Байшингийн Төслөө амжилттай дуусгасан тухай сонирхоцгооё.
Өмнөх үг (Монгол орчуулгын баг)
Төсөл гэж юү вэ? Төслийг хэрхэн удирддаг бол? гэж хүүхэд залуучуудаас асуухад дийлэнх нь бодлогоширдог, төсөл болон төслийг удирдлагын талаарх хүүхэд, залуусын ойлголт нэлээн хомс байдаг гэж хэлж болно. Гэтэл бид өдөр тутамдаа төрөл бүрийн жижиг том төсөл хэрэгжүүлэн удирдаж байдаг гэвэл та итгэх үү?
Жишээ нь, бид өөртөө зорилго тавин “картон цаасаар байшин хийж сурна”, “ангиараа тэмцээнд амжилттай оролцоно”, “өглөө эрт 6 цагт сэрдэг болно”, “англи хэлээ сайжруулна”, “гадаадын их дээд суургуульд сурахаар явна”, “ажлынхаа хамт олонтойгоо мод тарих өдөрлөг зохион байгуулна”, “хуримаа хэзээ ч мартагдахааргүй өвөрмөц байдлаар хийнэ” гэх олон зорилго тавин түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн, хэрэгжүүлэх явцдаа өөрчлөх зүйл гарвал өөрчилж, зорилгынхоо төлөө үйлдэл хийж байдаг маань төсөл хэрэгжүүлж түүнийхээ менежер нь бид өөрсдөө болж байдгийг илтгэж байна.
Гэтэл бид төслийн удирдлага гэх ойлголтыг зөвхөн том байгууллагууд ашигладаг төсөл хэрхэн удирдахыг онолын уйтгартай ном уншин суралцдаг гэж боддог. Хувь хүн бүр өөрийн амьдралын жижиг том төслийг хэрхэн удирдах тухай энгийн арга аргачлалыг амьдралдаа хэрэгжүүлж чадвал аливаа зорилгодоо хүрэхэд тань илүү дөхөм болно гэдэгт бид итгэлтэй байна. Өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлдэг энэхүү ойлголтыг бид Монгол улсын ирээдүй болсон дүү нартаа, залуу мэргэжилтнүүд болон төсөл дээр анхлан ажиллах гэж байгаа салбар бүрийн бүхий л насны хүмүүстэй хуваалцахыг хүссэн билээ. Та бүхэн энэхүү номыг уншсанаар маш энгийнээр төслийн удирдлагын цөм болсон нууц хэрэгслүүдийг мэдэж авахаас гадна адал явдлаар дүүрэн зохиолыг шимтэн уншина гэдэгт бид итгэлтэй байна.
Өөр өөр салбарын 4 залуус нэгдэн энэхүү номыг бүтэн цагийн ажлын зэрэгцээ Ковид-19 цар тахлын хүнд цаг үед орчуулан хэвлэн гаргахдаа багагүй асуудлуудтай тулгарсан билээ. Бид номын орчуулгаа төсөл гэсэн өнцгөөс харан аливаа бэрхшээлийг төслийн удирдлагын арга аргачлалыг ашиглах замаар даван гарч энэхүү ном уншигч та бүхний гар дээр ирлээ.
Энэхүү номыг Монголоор орчуулан хэвлэх боломжийг олгосон номын зохиолч Гари М Нелсон, хянан редакторлаж өгсөн Ж.Батчимэг, номын хавтасны дизайныг гаргаж өгсөн Х.Сүрэн (Сюзи) болон биднийг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Та бол өөрийнхөө амьдралын менежер.
“Адал Явдалт Төслүүд” номын төслийн баг
Б. Тамир, Л. Биндэръяа, О.Тэргэл, Б. Цэнгэл